Ч.Ганжавхлан 1 тэрбум төгрөгний орлоготой

0
27
jawhlan

Бид яагаад Монгол улсын төлөө байх ёстой гэж.Энэ асуулт их сонин ажиглалтаас төрлөө. Даллас онгоцны буудлаас Дэнвэр хот руу нисэх болтол цонхон талын суудал оногдож таарав. Онгоц дээшээ хөөрөх тусам хүмүүсийн амьдрал, байшин барилга, машинууд улам жижигхэн болж харагдана. Хэмжээлшгүй их баян, маш том эдлэн газартай хүний хөрөнгө ч энэ өндрөөс ядмагхан санагдана. Тэгтэл би … Нэг муу өчүүхэн жижигхэн цэг. Надаар Монгол улс дутахгүй, энэ Америк бол бүр ч үгүй … Ийм утгагүй сонин бодлууд эргэлдэв. Ингээд дэргэдэх хүнээ хартал тэр надад хамгийн том санагдлаа. Ер нь ингэхэд Монгол улс гэж юу болох Америк гэдэг нь бас юу юм бэ ?

Сүүлийн хэдэн өдөр Америкт сурч амьдарч буй оюутан залуус, төрийн албан хаагч, нэр хүндтэй том компанид ажиллаж буй Монгол хүмүүс … зөндөө л олон хүнтэй уулзаж ярилцлаа. Бага насаа Монголд өнгөрөөсөн хүмүүс илүү эх орноо гэсэн сэтгэлтэй байх бөгөөд Америкт төрж өссөн хүүхдүүд яалт ч үгүй эндхийн нэг иргэн болж өсөж торниж байна. Хэдийгээр Монгол сургууль байгуулж, эцэг эх нь аль болохоор Монголоор ярих гэж оролдовч бодит нөхцөл байдал тэднийг ямар ч гарцгүй Америк хүн болгож хувиргана. Энэ зураглалыг 5 жилийн өмнө Өвөрмонголын Ордос аймагт үзсэн билээ. Монголчууд тэнд хичнээн Монгол хүн бүтээх гэж оролдовч Хятад хэл сурахгүйгээр бүр эх хэл шигээ сайн сурахгүйгээр тухайн нийгэмд амьдарч тэр олон хүнтэй өрсөлдөж, ажиллаж амьдарна бараг л боломжгүй. Тэдний мэрийлт амжилт болгон “Монгол” гэдэг шошгыг нь хуулж сарниулж байлаа. Гэтэл одоо яалтай билээ, Монголоор сайн ярилаа гээд тэнд сайн ажил олдохгүй бөгөөд үүн дээр хэт нэг талийг барин “Монголоо алдсан” гэж шүүмжилэх нь “Усанд хуурай амьдар” гэж загасанд хэлж байгаагаас ялгаагүй зүйл болох бизээ. Харин “Тусгаар” орондоо төрж өсөн бүх зүйлийг сурсан хэрнээ 2,3-хан жил болов уу үгүй юу “You know you know” гээд Дамирантаад эхлэвэл инээмсэглээд өнгөрөхөөс өөр одоо яахав дээ. Гэхдээ уулзсан оюутан залуусын олонхи нь ирээд удаагүй хэрнээ Англи хэлийг маш сайн эзэмшиж давхар Монгол хэлээрээ хоорондоо цэвэрхэн ярьж, аль хэдийн дадлага ажлаа Монголд хийгээд эхлэсэн, хувь нэмрээ оруулаад эхлэснийг харах маш өөдрөг сайхан санагдсан. Үүнийг би хувьдаа гадаадад ирж өндөр боловсрол эзэмшихийн хамгийн чухал утга учир гэж санадаг. Гадаадад хичнээн амжилттай явлаа ч тэндээ “Шингэж” болохгүй.Монгол улсын төлөө ! гэдэг бол өөрт хамаатуулах үнэ цэнэ юм. Нээх Монгол улсын төлөөсөөд байх ч юу байхав өөрсдийнхөө төлөө, өөрийн хойч ирээдүйн төлөө, түүх бахархлын төлөө шүү дээ. Өөрийн гэсэн юм бүхэн сайхан байдаг. Бид хичнээн сайхан дэлгүүр хоршоо, парк талбайгаар хэсэвч эцсийн эцэст орой гэртээ орж ирээд диваан дээрээ суух л хамгийн сайхан байдаг. Би хичнээн энэ өндөр хөгжилтэй улсад олон зүйлийг үзэж харж нүд тайлж яваа ч аль хэдийн энэ бүхнийг Монголд байгаа залуустайгаа хуваалцахсан, олж мэдсэн ганц нэг санаагаа эх орондоо хэрэгжүүлэхсэн гэж аль хэдийн бодоод эхлэчихсэн л явна. Нисэхээс уруудаад Яармагийн гүүр чиглэж явах үед л хамгийн сайхан дотно мэдрэмж төрөх болно. Энэ үнэт зүйл Монгол хүн бүрийн дотор сууж байж л бид дэлхийд дархлаатай болно. Түүнээс 1000 мундаг ажил хийгээд, гадаадад сайхан амьдраад, тэдний хэл соёлыг эзэмшээд бүр дээл бүс зүүсэн ч дотроосоо Монгол “Үнэртэхгүй” бол 300 сая Америк цагаачдын л нэг бөлгөө. Хятадад одоо 10 сая гаруй Манж хүн байдаг ба нэгэн цагт Чин гүрнийг атгаж явсан тэр үндэстэн одоо хэл үгүй, соёл үгүй, төрх цуснаас өөр зүйлгүй тэрбум гаруй Хятадын нэг тосгон болжээ, тэдэнд ядаж гадаад паспорт ч алга. Би үнэндээ энд байдаг IT программаар суралцдаг Монгол залуус нийлэн их тэсрэлт хийсэн Uber таксины Application-с ч дутахгүй Монголынхоо нэр, үнэрийг шингээсэн технологи бүтээнэ гэж мөрөөддөгийг сонсоод жинхэнэ эх оронч санаачилга тэмцэл байна гэж бодсон, гадаадад ирж суралцан Монгол улсаа дэлхийн хэмжээнд тунхаглахын утга учир болоод бахархалыг хамт мөрөөдөв.Ингээд бодохоор өөрийнхөө болоод хойч ирээдүйнхээ төлөө, өвөг дээдэс маань бидний төлөө байсны ачаар бид Монгол улсынхаа төлөө байх ёстой юм байна.Зэлүүд тал уулс үзэгдэн Дэнвэр хотод ойртсон бололтой. Агаар дээр эхлээд агаар дээр дууссан “Миний л хувийн бодлыг” цаг гарган уншсан танд баярлалаа. Амжилт, утга учир, эрүүл энхийг хүсье !

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here