Гадаад хэлийг хэрхэн бие даан сурах вэ?

0
15
722c2dd684d6c1397e993d1cb58303c1

Гадаад хэл нь өнөөдөр ус агаар мэт хэрэгцээтэй зүйл болон хувирч, ажилд ороход хүртэл хэлний мэдлэг шаардах болсон. Өсөн дэвших боломж, ирээдүйгээ гэрэлтүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлэх зүйл нь гадаад хэл тул сурахгүй гээд ч яах билээ. Харин зарим тохиолдолд бид санхүүгийн байдал, цаг заваас хамаарч сургалтанд сууж чадахгүй, гэртээ бие даан хэл сурах хэрэг гардаг. Иймд бид та бүхэндээ бие даан гадаад хэл сурахад туслах аргуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Та эхлээд өөрийгөө ямар төрлийн хүн бэ?, юмыг яаж сурдаг вэ? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Зарим хүмүүс хэлийг уншиж, сонсож сурдаг бол, зарим нь бичиж, харж сурдаг. Харин та аль төрлийн хүн бэ гэдгээс хамаарч, хэл сурах арга барилаа тодорхойлох хэрэгтэй. Мөн та хэн нэгний тусламжгүйгээр бие даан хэл сурах болсон бол, төрөл бүрийн аргыг туршиж, өөртөө аль болох сонирхолтой байдлаар хичээллээд үзээрэй. Ямар ч хэлийг сурахдаа маш олон аргыг туршиж үзэх хэрэгтэй. Эдгээрийг ээлжлэн туршиж, өөрт хамгийн тохирох 2-3 аргыг сонгож хэрэглээрэй. Жишээлбэл шинэ үг сурахдаа үүнийгээ өдөр тутмын амьдралтайгаа хослуулж, аль болох эерэг гэгээтэй талаас нь хар. Мөн интернэттэй холбогдож, гадаад хүмүүстэй санал бодлоо байнга хуваалцаж, зөвлөгөө тусламж хүсээрэй.Зарим хүмүүс хэлийг хурдан сурах гэсэндээ өөрийн мэдлэгээс давсан түвшнээс эхэлж, хичээллэдэг. Гэвч энэ нь хамгийн буруу алхам болох нь бий. Тиймээс өөрийгөө хэт өндрөөр үнэлэлгүй зүгээр эхнээс нь бүгдийг сурч, мэдлэгээ бататгах хэрэгтэй. Хэл сурах хүсэлтэй хүмүүсийн ихэнх нь урьд тус хэлийг сурах гэж оролдож байсан туршлагатай хүмүүс тул дундаас нь эхэлдэг бөгөөд хэдэн сар хичээллэсний эцэст сурсан ч зүйлгүй, бүгдийг нь хольж, балрах аюултай юм. Та нэгэнт л тухайн хэлийг төгс эзэмшиж, сурахаар шийдсэн бол эхнээс нь эхлэх хэрэгтэй. Хэдийгээр та дунд түвшний хэлний мэдлэгтэй байлаа ч, анхан шатны түвшнээс эхэлснээр, дүрэм, хэллэгээ улам баттай болгож, хэзээ ч мартахгүйгээр тархиндаа суулгаж чадна. Хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүмүүсийн зохион байгуулах уулзалт, ярилцлагад цаг алдалгүй очиж, бусадтай суралцах арга барил, мэдлэг туршлагаасаа хуваалцаж, олон зүйлсийг мэдэж аваарай.

Мөн бидний амьдралын салшгүй хэсэг болсон интернэт, цахим сүлжээг ашиглан гадаад хүмүүстэй холбогдож өөрийн ярианы чадвараа дээшлүүлэх боломжтой. Энэ нь маш хялбар бөгөөд үр дүнтэй арга төдийгүй түргэн хугацаанд гадаад хэл сургах тустай юм. Үүнээс гадна гадаад хэлний цахим сургалтанд ч хамрагдаж болох юм.Ажил, ар гэр гэж гүйсээр өөртөө цаг зав гаргаж чадахгүй байгаа хүмүүс маш олон байдаг. Тиймдээ ч үүнийгээ хэл сурч чадахгүй байгаа шалтгаан болгож, гомдоллож явдаг. Гэвч хүн өөрөө хүсэх л юм бол цаг зав хангалттай гаргаж чадна. Өдрийн 24 цагаас ядаж 2 цагийг л хэл сурахад зарцуулснаар та удахгүй тухайн хэлийг сурч, цаашлаад төвөггүйхэн ярьж чаддаг болно.Хамгийн гол нь танд тус хэлийг сурах хүсэл ихээр төрж байх хэрэгтэй юм. Тухайн хэлэнд шунан дурлаж, улам ихийг мэдэхийг хүсэх зэрэг нь л таныг амжилтад хүргэнэ. Ямарваа зүйлийг хүчээр бус хүслээр сурах нь илүүтэй үр дүнг үзүүлдэг шүү дээ. Харин хэрхэн тухайн хэлэнд дурлах вэ? Эхлээд тус улсынхаа түүхийг судалж, давуу чанаруудыг мэдэж авах хэрэгтэй бөгөөд цаашлаад хамгийн дуртай гадаад киногоо эх хэлээр нь үзээрэй. Энэ мэтчилэн явсаар нэг л мэдэхэд та өнөөх дургүй байсан хэлтэйгээ салж чадахааргүй холбоотой болсон байх төдийгүй дүрэм, шинэ үгс зэргийг ч нэг л мэдэхэд төвөггүйхэн сурчихсан байх юм.Хэл сурахад хамгийн гол нь бүтээлч сэтгэлгээ хэрэгтэй. Ямар аргаар хэрхэн сурвал илүү үр дүнтэй байхыг бодолцож үзээрэй. Жишээлбэл гэрийнхээ эдлэл хэрэгсэл дээр гадаад хэл дээрх нэршлийг бичиж наах, найз нөхөдтэйгээ гадаад хэл дээр тэмцээн зохиох гэхчлэн сайтар бодож хөгжилтэй, хялбар аргаар хэрхэн хэл сурч болохыг судалж үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд танд хамгийн их хэрэг болох зүйл бол интернэт юм шүү. Та “Babbel” гэх аппликейшнийг утсандаа суулгаж, хэл сурах их үйлсдээ хэрэг болгон, ашиглаарай. Энэ нь таныг уншуулж, бичүүлж, сонсгож, яриулан төрөл бүрээр хэл сурахад тань туслах болно.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here